Нууцлалын бодлого
Хувилбар 1.1 · 2026.10.05 өдрөөс мөрдөнө
Энэ бодлого нь «Нягтлан» программ (nygtlan.mn, цаашид «программ») таны болон таны компанийн мэдээллийг ямар зорилгоор, ямар үндэслэлээр боловсруулах, хэнд дамжуулах, хэр удаан хадгалах, та ямар эрхтэй болохыг тайлбарлана.
Агуулга
- 1Энэ бодлогын тухай
- 2Мэдээлэл хариуцагч ба боловсруулагч
- 3Бид ямар мэдээлэл боловсруулдаг вэ
- 4Ямар зорилгоор, ямар үндэслэлээр
- 5Хиймэл оюун ухааны боловсруулалт
- 6Мэдээллийг хэнд дамжуулдаг вэ
- 7Гадаад улсад дамжуулах
- 8Хадгалах хугацаа
- 9Мэдээллийн аюулгүй байдал
- 10Таны эрх
- 11Күүки, хөтчийн санах ой
- 12Имэйл мэдэгдэл
- 13Бодлогын өөрчлөлт
- 14Холбоо барих
- Өөрчлөлтийн түүх
1.Энэ бодлогын тухай
Программыг энэ хуудасны эхэнд байгаа «Үйлчилгээ үзүүлэгч» хэсэгт заасан хуулийн этгээд (цаашид «бид») эрхлэн ажиллуулдаг. Бид Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан, 2022 оны 5 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн; цаашид «ХМХТХ»), Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийг баримтална.
Энэ бодлого нь ХМХТХ-ийн 8.2-т заасан мэдээллийг (зорилго, үндэслэл, мэдээллийн жагсаалт, хугацаа, дамжуулах этгээд, зөвшөөрлөө цуцлах арга) танд танилцуулна. Энэ нь Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг.
Программ нь аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч, тэдний нягтлан нарт зориулагдсан. 18 нас хүрээгүй хүн бүртгүүлэхгүй.
2.Мэдээлэл хариуцагч ба боловсруулагч
Дараах мэдээллийн хувьд бид мэдээлэл хариуцагч (ХМХТХ 4.1.8) байна: таны хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэлт, төлбөр тооцоо, бидэнтэй харилцсан захидал, техникийн бүртгэл.
Компанийн нягтлан бодох бүртгэлд орсон мэдээллийн (гүйлгээ, харилцагч, ажилтан, хавсралт, хуулга) хувьд мэдээлэл хариуцагч нь тухайн компани өөрөө, харин бид компанийн даалгаврын дагуу ажиллах мэдээлэл боловсруулагч (ХМХТХ 19 дүгээр зүйл) байна. Энэ харилцааны нөхцөлийг Үйлчилгээний нөхцөлийн «Таны өгөгдөл, мэдээлэл боловсруулах нөхцөл» хэсэгт тусгасан.
Хувийн мэдээллийн талаарх асуулт, хүсэлтээ info@nygtlan.mn хаягаар илгээнэ үү.
3.Бид ямар мэдээлэл боловсруулдаг вэ
Бид зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна:
- Хэрэглэгчийн бүртгэл: нэр, имэйл хаяг, нууц үгийн хэш (нууц үгийг өөрийг нь хадгалахгүй), хоёр шаттай баталгаажуулалтын тохиргоо, хэл, харагдацын тохиргоо, өгсөн зөвшөөрөл.
- Компанийн мэдээлэл: компанийн нэр, ТТД, РД, татварын тохиргоо, гишүүд ба тэдний эрх.
- Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл: гүйлгээ, журналын бичилт, харилцагчийн нэр, РД, ТТД, дансны дугаар, оруулсан банкны хуулгын файл ба мөр, баримтын хавсралт, нэхэмжлэх, тайлан. Хувь хүн харилцагч, ажилтны нэр нь та оруулсан бол үүнд багтана.
- Тооцоо нийлсэн акт: акт илгээсэн имэйл хаяг, холбоосоор хариу өгсөн хүний нэр, албан тушаал, хариу (баталгаажуулсан эсвэл зөрүүтэй).
- Хүсэлт, мессеж: компанийн эзэмшигч ба нягтлангийн хооронд илгээсэн хүсэлт, тайлбар, файл.
- Туслахтай хийсэн яриа: таны асуулт, туслахын хариулт, ашигласан эх сурвалж, таны өгсөн үнэлгээ.
- Төлбөрийн мэдээлэл: нэхэмжлэх, төлөлтийн төлөв, QPay гүйлгээний дугаар. Банкны карт, дансны нууц мэдээлэл бидэнд ирэхгүй; төлбөрийг таны банк, QPay шийднэ.
- Техникийн бүртгэл: IP хаяг, хөтөч ба төхөөрөмжийн мэдээлэл, нэвтэрсэн цаг, хүсэлтийн дугаар, компанийн бүртгэлд хийсэн үйлдлийн аудит бүртгэл.
- Ашиглалтын статистик: бүртгүүлэх, компани нэмэх, анхны хуулга оруулах зэрэг цөөн үйл явдал. Эдгээрийг хүнийг тодорхойлох боломжгүй хэлбэрээр (хэрэглэгчийн дугаарын нууц түлхүүртэй хэш) манай өөрийн системд хадгална. Мөн хуудас үзэлтийг өөрсдөө ажиллуулдаг нээлттэй эхийн Umami программаар тоолно («Күүки, хөтчийн санах ой» хэсгийг үзнэ үү). Гуравдагч этгээдийн аналитик ашиглахгүй.
Бид эмзэг мэдээлэл (ХМХТХ 4.1.12) цуглуулахыг зорьдоггүй. Эрүүл мэнд, шашин шүтлэг, ял шийтгэл зэрэг мэдээллийг тайлбар, файлд бүү оруулна уу. Хэрэв нягтлан бодох бүртгэлийн баримтад ийм мэдээлэл агуулагдвал түүнийг зөвхөн бүртгэлийн зорилгоор хадгална.
4.Ямар зорилгоор, ямар үндэслэлээр
Бид мэдээллийг ХМХТХ-ийн 7.1.1-д заасан дараах үндэслэлээр боловсруулна:
- Гэрээ байгуулах, биелүүлэх (6.1.4): бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, компанийн бүртгэл хөтлөх, хуулгыг уншиж ангиллын санал гаргах, тайлан, татварын урьдчилсан тооцоо гаргах, туслахаар хариулт өгөх, хамтран ажиллагчдыг урих, мэдэгдэл илгээх, төлбөр нэхэмжлэх.
- Таны зөвшөөрөл (6.1.1): бүртгүүлэхдээ өгсөн зөвшөөрөл, үүнд мэдээллийг гадаад улсад байрлах сервер, үйлчилгээ үзүүлэгчид дамжуулах, хиймэл оюун ухааны үйлчилгээгээр боловсруулах; туслахын буруу хариултыг манай багт хянуулахаар илгээхдээ өгөх тусгай зөвшөөрөл.
- Хуульд заасан үүрэг (6.1.2): өөрсдийн нягтлан бодох бүртгэл, татварын баримт (нэхэмжлэх, төлбөр) хадгалах, эрх бүхий байгууллагын хуульд нийцсэн шаардлагад хариу өгөх, кибер халдлага, мэдээлэл алдагдсан тухай мэдэгдэх.
Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй. Анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор ашиглах бол дахин зөвшөөрөл авна (ХМХТХ 8.10).
Хуулгын мөрийн ангилал, туслахын хариулт нь зөвхөн санал. Бүртгэлд юу бичигдэхийг хэрэглэгч өөрөө баталж шийднэ. Программ танд эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг хүний оролцоогүйгээр гаргахгүй (ХМХТХ 18.2.6).
5.Хиймэл оюун ухааны боловсруулалт
Туслах, хуулгын ангилал зэрэг зарим боломж хиймэл оюун ухааны загвар ашигладаг. Загвар руу зөвхөн тухайн хүсэлтэд шаардлагатай хэсгийг илгээнэ:
- туслахад: таны асуулт, тухайн ярианы өмнөх мессеж, хариултад хэрэгтэй бүртгэлийн хэсэг (данс, дүн, харилцагчийн нэр гэх мэт), хууль, журмын ишлэл;
- хуулга ангилахад: гүйлгээний огноо, дүн, утга, харьцсан данс ба нэр, компанийн дансны жагсаалт, холбогдох харилцагчийн нэр, ТТД;
- хуулгын баганыг танихад: файлын эхний хэдэн мөр.
Хувь хүний нэр (ажилтан, хувь хүн харилцагч), иргэний регистрийн дугаарыг загвар руу илгээхээс өмнө орлуулагч тэмдэгтээр сольж, хариуг хүлээн авсны дараа буцааж тавина. Чөлөөт текстэд бичсэн бусад нэр энэ шүүлтүүрээс зайлж болзошгүй.
Бид дараах загвар үйлчилгээ үзүүлэгчийг ашиглаж болно. Ажлын төрөл бүрт аль загварыг ашиглахыг манай систем тохиргоогоор сонгоно:
- OpenAI (АНУ): хариулт, хайлт, текстийг хайлтад зориулж хувиргах. Хөгжүүлэгчийн үйлчилгээний нөхцөлдөө илгээсэн мэдээллийг загвар сургахад анхдагч байдлаар ашиглахгүй гэж заасан.
- Anthropic (АНУ): хариулт. Арилжааны үйлчилгээний нөхцөлдөө илгээсэн мэдээллийг загвар сургахад анхдагч байдлаар ашиглахгүй гэж заасан.
- lianok.com (БНХАУ): GLM, Kimi, Qwen загварыг дамжуулан хүргэдэг үйлчилгээ. Энэ үйлчилгээ үзүүлэгчээс мэдээллийг сургалтад ашиглахгүй гэсэн баталгааг бид аваагүй тул түүнд илгээх мэдээллийг дээрх байдлаар хамгийн бага хэмжээнд хязгаарлана.
Загвар үйлчилгээ үзүүлэгч мэдээллийг өөрийн нөхцөлийн дагуу буруу ашиглалтыг илрүүлэх зорилгоор хязгаарлагдмал хугацаанд хадгалж болно.
Туслахын хариулт тайлбар төдий бөгөөд мэргэжлийн татвар, хуулийн зөвлөгөө биш. Тоон дүнг программын тооцооллын хэсэг таны бүртгэлээс гаргана. Туслах бүртгэлд гүйлгээ бичихгүй.
6.Мэдээллийг хэнд дамжуулдаг вэ
- Таны компани дотор: компанийн урьсан гишүүд өөрийн эрхийн (эзэмшигч, нягтлан, хянагч, үзэгч) хүрээнд компанийн мэдээллийг харна. Хэнийг урих, ямар эрх өгөхийг компани шийднэ.
- Таны харилцагч: та тооцоо нийлсэн акт илгээхэд актын агуулга хүлээн авагчид имэйл, холбоосоор очно.
- Манай ажилтан: үйлчилгээ, төлбөр, аюулгүй байдлын ажилд шаардлагатай хэмжээнд л хандана. Тэд компанийн бүртгэл, туслахтай хийсэн яриаг ердийн журмаар харахгүй; зөвхөн компанийн эзэмшигчийн олгосон хугацаатай эрхээр, эсвэл та тусгайлан зөвшөөрч илгээсэн ярианы хувьд хандана.
- Төрийн байгууллага: хууль, шүүхийн шийдвэрээр шаардсан тохиолдолд зөвхөн шаардсан хэмжээнд өгнө. Хууль хориглоогүй бол энэ тухай танд мэдэгдэнэ.
Бидний өмнөөс мэдээлэл боловсруулдаг үйлчилгээ үзүүлэгчид:
- Railway (АНУ-ын компани, сервер Сингапурт): программ, мэдээллийн сан, файлын санг байршуулах.
- Cloudflare (АНУ-ын компани, дэлхийн сүлжээ): домэйн нэрийн үйлчилгээ, сүлжээний хамгаалалт.
- Resend (АНУ): баталгаажуулах, урилга, нэхэмжлэх, акт зэрэг имэйл илгээх.
- QPay (Монгол Улс): төлбөр хүлээн авах.
- 5 дугаар хэсэгт заасан хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгчид.
Эдгээр үйлчилгээ үзүүлэгч мэдээллийг зөвхөн бидний даалгаврын хүрээнд, үйлчилгээ үзүүлэх зорилгоор боловсруулна. Жагсаалт өөрчлөгдвөл энэ бодлогыг шинэчилж, танд мэдэгдэнэ (ХМХТХ 21.1.3).
Бизнесээ өөр этгээдэд шилжүүлэх, нэгтгэх тохиолдолд мэдээлэл энэ бодлогын нөхцөлөөр шилжинэ. Энэ тухай урьдчилан мэдэгдэнэ.
7.Гадаад улсад дамжуулах
Программын сервер, мэдээллийн сан, файлын сан Сингапур улсад байрладаг. Имэйл, хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгчид АНУ, БНХАУ-д байрладаг. ХМХТХ-ийн 14.1-д зааснаар хувийн мэдээллийг гадаад улсад дамжуулахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардлагатай. Иймд бид бүртгүүлэх үед таны зөвшөөрлийг тусгайлан авдаг.
Компанийн бүртгэлд бусдын (харилцагч, ажилтан) мэдээллийг оруулах үндэслэлийг хангах үүргийг Үйлчилгээний нөхцөлд заасан.
Татварын ерөнхий хуулийн 29.1.5-д татвар төлөгч баримт, бүртгэлээ Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгална гэж заасан. Иймд компани бүртгэл, тайлангийнхаа хуулбарыг программаас татаж, Монгол Улсад хадгалах хэрэгтэй.
8.Хадгалах хугацаа
Бид мэдээллийг зорилгодоо хүрэх хүртэл, эсвэл хуульд заасан хугацаанд хадгалж, дараа нь устгах, эсвэл хүнийг тодорхойлох боломжгүй болгоно (ХМХТХ 15 дугаар зүйл).
- Хэрэглэгчийн бүртгэл: бүртгэлээ устгах хүртэл. Устгахад нэр, имэйл, нууц үг, нэвтрэлт, хоёр шаттай баталгаажуулалт, туслахтай хийсэн яриа, хувийн тохиргоо даруй устаж, бүртгэл нэргүй болно.
- Компанийн бүртгэл (гүйлгээ, хавсралт, аудит бүртгэл): Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11.1-д баримт, санхүүгийн тайланг 10-аас доошгүй жил хадгална гэж заасан. Иймд бид бичигдсэн бүртгэлийг автоматаар устгахгүй. Компанийн эзэмшигчийн хүсэлтээр Үйлчилгээний нөхцөлийн 12 дугаар хэсэгт заасны дагуу устгана.
- Банкны хуулгын эх файл: оруулснаас хойш 90 хоногийн дараа устна. Файлаас уншсан мөр, түүнээс бичсэн гүйлгээ хэвээр үлдэнэ.
- Туслахтай хийсэн яриа: сүүлийн мессежээс хойш 730 хоног (2 жил) үргэлжилсэн идэвхгүй яриа устна. Та яриагаа хүссэн үедээ өөрөө устгаж болно.
- Ашиглалтын статистик: 400 хоног.
- Төлбөрийн баримт (нэхэмжлэх, төлөлт): бидний нягтлан бодох бүртгэлийн нэг хэсэг тул 10 жил.
- Техникийн бүртгэл: аюулгүй байдал, алдаа засах зорилгоор хязгаарлагдмал хугацаанд, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17.1.3-т заасан журмын хугацаанаас багагүй.
- Нөөц хуулбар: мэдээллийн сангийн шифрлэгдсэн нөөц хуулбар хадгалах хугацаа нь дуусахад устна.
Хуулийн маргаан, шалгалтын үед холбогдох компанийн мэдээллийг устгахыг түр зогсоож болно.
9.Мэдээллийн аюулгүй байдал
- Хөтөч ба серверийн хоорондох бүх холболт шифрлэгдсэн (HTTPS).
- Файлын санд файлыг шифрлэж хадгална. Файл татах холбоос 5 минут хүчинтэй.
- Нууц үгийг зөвхөн нэг талын хэшээр хадгална. Нэг удаагийн кодоор хоёр шаттай баталгаажуулалтыг асааж болно.
- Компани бүрийн мэдээллийг мэдээллийн сангийн түвшинд тусгаарласан: гишүүн биш хүн өөр компанийн мэдээллийг харахгүй.
- Нэвтрэлт 14 хоног хүчинтэй. Нууц үг сэргээхэд бүх төхөөрөмжөөс гаргана.
- Компанийн бүртгэлд хийсэн үйлдэл бүр өөрчлөх боломжгүй аудит бүртгэлд үлдэнэ.
- Ажилтны хандалтыг эрхийн түвшнээр хязгаарлаж, бүртгэнэ.
Мэдээлэл алдагдсан, кибер халдлага илэрсэн үед бид түүнийг таслан зогсоох арга хэмжээ авна. Таны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бол танд даруй мэдэгдэнэ. Мэдэгдэлд юу болсон, ямар мэдээлэл хамаарсан, учирч болзошгүй үр дагавар, авсан арга хэмжээг тусгана (ХМХТХ 22.2, 22.3; Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17.1.2, 17.1.9). Зөрчил, авсан арга хэмжээг бүртгэж, Хүний эрхийн Үндэсний Комисст жил бүр хүргүүлнэ (ХМХТХ 22.5, 22.6).
Таны хувьд: нууц үгээ бусдад бүү дамжуулаарай, хоёр шаттай баталгаажуулалтыг асаагаарай, сэжигтэй нэвтрэлт илэрвэл бидэнд мэдэгдээрэй.
10.Таны эрх
ХМХТХ-ийн 16 дугаар зүйлд заасны дагуу та дараах эрхтэй:
- Таны тухай ямар мэдээлэл боловсруулж, хэнд дамжуулсныг мэдэх (16.1.2, 16.1.3, 16.1.4).
- Өөрийн мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй авах (16.1.8, 18.2.11): хувийн тохиргооны «Өгөгдөл» хэсгийн «Өгөгдлөө татах» товчоор нэг ZIP файлаар татна. Компанийн бүртгэлийг «Тайлан» хэсгээс Excel, PDF хэлбэрээр татна.
- Хуулбараа өөрийн сонгосон өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх (16.1.9).
- Алдаатай мэдээллээ засуулах (16.1.5): нэр, тохиргоогоо өөрөө засна, бусдыг бидэнд мэдэгдэнэ.
- Мэдээллээ устгуулах (16.1.6): хувийн тохиргооны «Өгөгдөл» хэсгээс хэрэглэгчийн бүртгэлээ устгана. Та компанийн цорын ганц эзэмшигч бол эхлээд эзэмшигчийн эрхээ шилжүүлнэ.
- Зөвшөөрлөө хэдийд ч цуцлах (8.7, 16.1.10): info@nygtlan.mn хаягаар мэдэгдэх, эсвэл бүртгэлээ устгана. Цуцлахаас өмнө хуульд нийцүүлэн хийсэн боловсруулалт хүчинтэй хэвээр. Гадаадад дамжуулах, хиймэл оюун ухаанаар боловсруулах нь программын үндсэн ажиллагаа тул энэ зөвшөөрлөө цуцалбал программыг цааш ашиглах боломжгүй болно (18.2.5).
- Хүний оролцоогүй боловсруулалтын үр дүнд гомдол, тайлбар гаргах, дахин боловсруулахыг шаардах (16.1.11).
- Эрх, ашиг сонирхол тань зөрчигдсөн гэж үзвэл хохирлоо арилгуулах (16.2).
Компанийн бүртгэлд орсон мэдээллийн (жишээ нь харилцагчийн) талаарх хүсэлтийг бид тухайн компанид шилжүүлж, компанийн зааврын дагуу биелүүлнэ.
Хүсэлтээ info@nygtlan.mn хаягаар илгээнэ үү. Бид таныг таньж баталгаажуулсны дараа боломжит богино хугацаанд, ихэнх тохиолдолд 10 ажлын өдөрт багтаан хариу өгнө. Хариунд сэтгэл хангалуун бус бол Хүний эрхийн Үндэсний Комисст (ХМХТХ 28.2), эсвэл шүүхэд (28.3) гомдол гаргаж болно.
11.Күүки, хөтчийн санах ой
Программ нэвтрэлтийг хадгалахад заавал шаардлагатай күүки ашиглана. Хөтчийн санах ойд таны сонгосон хэл, харагдацыг хадгална. Хуудсыг хурдан нээхийн тулд таны нэр, компанийн жагсаалтын түр хуулбарыг мөн хадгална.
Бид зар сурталчилгааны болон гуравдагч этгээдийн хяналтын күүки ашиглахгүй. Cloudflare сүлжээний хамгаалалтын зорилгоор техникийн күүки тавьж болно.
Аль хуудсыг ашиглаж байгааг мэдэхийн тулд хуудас үзэлтийг Railway (Сингапур) дахь өөрийн серверт ажилладаг нээлттэй эхийн Umami программаар тоолно. Өгөгдөл гадны аналитикийн компанид очихгүй. Umami күүки тавихгүй, таны хөтчид юу ч хадгалахгүй. Хуудасны хаягийг дугаар, асуулга, # хэсгийг нь хассан хэлбэрээр (жишээ нь /c/:id/entries), өмнө нь байсан хуудас (өөр сайт бол зөвхөн тэр сайтын хаяг), хөтөч, төхөөрөмжийн төрөл, дэлгэцийн хэмжээ, хэл, IP хаягаас тодорхойлсон улс, бүс, хотыг хүлээн авна. IP хаягийг хадгалахгүй. Хуудасны гарчиг, нэр, имэйл хаяг, дүн, дэвтрийн агуулгыг хэзээ ч хүлээн авахгүй. Үр дүнг зөвхөн нэгтгэсэн статистик байдлаар харна. Таны хөтөч Do Not Track эсвэл Global Privacy Control дохио илгээвэл юу ч тоолохгүй.
12.Имэйл мэдэгдэл
Бид үйлчилгээтэй холбоотой имэйл илгээнэ: бүртгэл баталгаажуулах, нууц үг сэргээх, солигдсон тухай мэдэгдэл, урилга, нэхэмжлэх, төлбөрийн сануулга, акт, хүсэлтийн мэдэгдэл. Эдгээр нь гэрээг биелүүлэхэд шаардлагатай.
Зар сурталчилгааны имэйлийг зөвхөн таны тусгай зөвшөөрлөөр илгээнэ. Та хүссэн үедээ татгалзаж болно.
13.Бодлогын өөрчлөлт
Бид энэ бодлогыг шинэчилж болно. Хувилбарын дугаар, мөрдөх өдрийг хуудасны эхэнд, өөрчлөлтийн товчийг доор харуулна.
ХМХТХ-ийн 8.2-т заасан нөхцөл (зорилго, мэдээллийн жагсаалт, дамжуулах этгээд гэх мэт) өөрчлөгдвөл мөрдөхөөс өмнө имэйлээр болон программд мэдэгдэнэ (21.1.3). Шинэ зорилгоор мэдээлэл боловсруулах бол дахин зөвшөөрөл авна (8.10). Таны чимээгүй байдлыг зөвшөөрөл гэж үзэхгүй (8.6).
14.Холбоо барих
Хувийн мэдээллийн талаарх асуулт, хүсэлт, гомдлоо info@nygtlan.mn хаягаар илгээнэ үү. Үйлчилгээ үзүүлэгчийн мэдээллийг энэ хуудасны эхэнд харуулсан.
Өөрчлөлтийн түүх
- Хувилбар 1.1 · 2026.10.05: хуудас үзэлтийг өөрийн серверт ажиллуулдаг Umami программаар күүкигүй, хувийн мэдээлэлгүйгээр тоолдог болсон («Ашиглалтын статистик», «Күүки, хөтчийн санах ой»). Хувийн мэдээлэл цуглуулахгүй тул шинэ зөвшөөрөл шаардлагагүй.
- Хувилбар 1.0 · 2026.10.05: анхны хувилбар.